Уул руу алхсан тэмдэглэл


Зайсан толгойн урдхан талд Богд уулын бэлд орших “Дүнжингарав” амралтын газрын хашаа хагас, бүтэн сайнд битүү машинтай өнждөг болоод удаж байна. Нийслэлийн иргэд тэнд машинаа тавиад ердөө цаахнаас нь эхлэх тодоос тод жимийг даган Богд уул руу өгсдөг. Өнгөрсөн бямба гаригт би ч бас найзуудын хамт Богд уул руу авирсан юм.

Уул руу өгсөхийн өмнө, наахан талын моддын нэгэнд “Ажлын эхлэл бол ажлын тэн хагас” гэсэн бичигтэй пайз биднийг угтлаа.
Ингээд бид үүргэвчээ үүрэн, бэлтгэлээ сайтар хангасны эцэст өглөөний зургаа хагаст очиход аялагчид аль хэдийнэ цувраад эхэлчихсэн байлаа. Хоёр гурван жилийн өмнөөс энэхүү жимээр уулруу алхах болсон нь иргэд эрүүл мэнд, цэвэр агаарыг эрхэмлэх болсон нь энэ өдөр ч харагдаж байлаа. Биднээс 100 метрийн зайд 20 гаруй хүн явж харагдсан.

 Эртэч уулчид ихэвчлэн ганцаараа явцгаана тэдний дунд тавь шүргэж яваа болов уу гэмээр насны гав шавхийсэн уулчин нүдэнд туслаа. Түүнээс яриа өдөн насыг нь асуутал жаран настай гэнэ. Тэрээр долоо хоногийн таван өдөр ууланд алхдаг болоод 6 жил болж буй гэнэ. Буурайн бие нь муудсан учраас ууланд алхаж эрүүл мэнддээ анхаарч эхэлжээ. Тал харвасан, даралт өндөр, 127 килограмм жинтэй гээд байсан тэрээр зайсангийн нэг кафед сууж байхдаа ууланд алхдаг хүмүүс байдгийг олж мэдээд л авирч эхэлсэн гэж ярилаа. Одоо бие нь ямар нэг зовиургүй болж, 42 килограммыг хасаж чадсан байна. Бидэнд ярихдаа : “Ажлын өдөр хүн цөөтэй учраас оройхон, өглөөний долоо өнгөрөөгөөд гардаг юм. Амралтын өдөр хүн ихтэй учраас таван цаг гээд гарна. Өвөл явах хачин сайхан. Орой дээр нь гараад биеэ цасаар бас харзны усаар угаана. Булгийн эхээс авсан усаараа уулын оргил дээр очоод биеэ угаадаг юм. Миний үүргэвчинд хоосон сав байгаа. Биеэ угаачихаад буугаад ирнэ дээ”  Эхлээд уулын оройд гарч чадалгүй, 300 гаруй метр яваад бууж ирдэг байсан. Одоо бол нэг ч амрахгүйгээр оройд нь гарчихдаг. Ууланд аялагчид ихэссэнд олзуурхаж явдаг даа. Анх ууланд алхаж эхлэхэд  дөч, тавиад хүн л гардаг байсан. Харин одоо амралтын өдрөөр 2000-3000 орчим хүн алхдаг болсон. Хашир уулчид хүн ихтэй амралтын өдөр эртээ гэгч нь алхчихаад буугаад ирдэг. Улаанбаатарт аялаж яваа гадныхан болон дотоодын иргэд ажлын өдрөөр түлхүү явдаг. Хүн цөөтэй үед нь алхах гэж ажлын өдрийг зориуд сонгодог" хэмээн хуучиллаа.
Мөн тэрээр хэлэхдээ найз нар, хүүхдүүдээ хамт явъя гэж их уриалдагч ганц хоёрхон яваад шантардаг бололтой гэж байсан юм. Ингээд бид ойр тойрноо сонжин, хөгжилдөн явсаар 1500 метрийг туулан хэсэг амарсан. Тэнд “Ховдын түүчээ” төрийн бус байгууллагын хамт олны өлгөсөн пайзнаас аялагчид 1500 метрт ирснээ мэдэхээс гадна “Өөрийгөө ялан дийлэхээс бүхий л ялалт эхэлнэ” гэсэн бичгийг хараад цааш алхацгаах бөгөөд зам цаашаа нэлээд өгсүүр болж ирэв.

Чулуурхаг энэ газарт саяхан орсон борооны ул мөр болж үлдсэн шалбааг үе үе таарна. Хэсэг явсны дараа дахин 2000 метр гэсэн пайз таарлаа дээр нь “Амьдрал бол уул юм. Бид удаан авирч түргэн урууддаг” хэмээн бичсэн байсан. Бид цааш алхтал удсан ч үгүй цэлийсэн задгай талд гараад ирэв. Захаараа битүү модтой, дундаа хангарьдын дутуу барьсан хөшөөтэй, амарч үдлэнгээ цайлахад зориулсан сандал саравч нэлээдийг барьчихсан сайхан газар юм. Есөн цаг өнгөрч байхад ойн чөлөөнд ирсэн болохоор тэр үү, тодоос тод наран таатайяа ээж билээ. 

Хотын төвөөс тээр хол ёлтойж харагддаг нар энд хачин ойрхон, тод гэж жигтэйхэн гялалзах нь сэтгэл баясгам сайхан. Ингээд ойн чөлөөнд дөнгөж оронгуут самар зарж байна. Нийслэлд 3500 төгрөгөөр зардаг том шилтэй самрыг энд 2000 төгрөгөөр зарж байлаа. Стакантай нь ч хотод зардгаас хавьгүй хямдхан санагдсан. Самарчид түүсэн самраа тэндээ цайруулаад зардаг бололтой. Биднийг очиход Дугуй цагаан дээр амьдрал ёстой л бужигнаж байна. Энэ жимээр алхдаг хөгшичүүл ийнхүү нэрийддэг аж. 

\
Амарч цайлдаг саравчны наахна тойрч зогссон хэсэг хүмүүс дээр очлоо. “Хербалайф”-ын эрүүл хооллолтын клубийнхэн. Найман шарга хавьцаа ажилладаг “Мөрөөдөл-4” гэсэн нэртэй энэ клубийн хамт олон долоо хоногийн лхагва гариг бүрт ууланд алхдаг бөгөөд алхах дуртай ууландаа  амташисан зарим нь амралтын өдрөөр бас аялцгаадаг аж. Энэ клубийг ажиллуулдаг Л.Сэрчмаа  хэлэхдээ 
“Клуб гэдэг бол санаа нийлсэн хүмүүсийн л нэгдэл шүү дээ. Бид зөв хооллоё, эрүүл амьдаръя гэсэн хүслээр нэгдсэн хүмүүс. Уул руу алхах их эрч хүч өгдөг. Эрүүл амьдрахын наян хувь нь хоолноос шалтгаалдаг бол хорин хувь нь хөдөлгөөнөөс хамаардаг. Хэчнээн зөв хооллолоо ч хөдөлгөөн хийхгүй бол хэцүү. Хөдөлгөөн хийдэг байлаа ч хооллолтдоо анхаарахгүй бол зуун хувь эрүүлжихгүй. Монголчууд сүүлийн үед хоолондоо анхаарч эхэлсэнд олзуурхдаг” гэж ярилаа. 

Тэдний хажууханд бас нэг клубийнхэн дасгал хийцгээж байв. Улаанбаатар хотын гаалийн байцаагчид ч байсан. Арваад байцаагч долоо хоног бүрийн хагас сайнд ууланд алхдаг юм байна. Ихэвчлэн Богд уул руу алхдаг гэнэ. Өглөө долоон цагаас уулзаад аялцгаадаг аж. 

Байцаагч Б.Одсүрэн “Хүмүүс хог их хаях юм. Бид сүүлдээ хогны уут авч явдаг болсон. Самрынхан гараад хог их харагдах боллоо. Хоёр, гурван жилийн өмнө цөөхөн хүн алхдаг байсан бол одоо олуулаа аялж байна. Өвөл ууланд алхах ямар гоё гээч. Цэвэр агаарт хоёр гурван цаг алхахад 24 цагийнхаа хүчилтөрөгчийг нөөцөлж авдаг гэдэг шүү дээ. Утаа эхэлж байгаа энэ үед ууланд алхахын ач тусыг хэлэх юм биш. Алхаад байхаар сүүлдээ бүр явмаар санагдаад эхэлдэг” гэж ярилаа. Улаанбаатар хотын гаалийнхан улиралдаа нэг удаа Цэцээ гүн рүү алхдаг юм байна. Гаалийн байцаагчид дугуйгаар аялах төлөвлөгөө ч гаргасан байлаа.


Бид ойн чөлөөнөөс 13 цагийн үед буусан юм. Уруудах үед гэхэд л тав, зургаан анги зөрсөн. Нэг байрны найз хүүхнүүд ч таарав. Сонирхуулж хэлэхэд, уулын клубийнхэн Дугуй цагаанаас цаашаа “Тэнгэр хад”, “Цэцээ гүн” гээд илүү хол зайд аялдаг юм байна.



Comments

Popular posts from this blog